Мэдээ мэдээлэл

2025-06-25 16:16:04

ХААН Банк: “Дархан нэхий” ХК-д анхны хөнгөлөлттэй зээлийг олголоо

alt

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг арилжааны  банкууд санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан билээ. “Цагаан алт” хөтөлбөрийн  хамгийн анхны зээлийг ХААН Банкнаас “Дархан нэхий” ХК-д олгох шийдвэр 2-р сарын 4-ний өдөр гарсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт ХААН Банкнаас уг зээлийг олгож, ХААН Банкны удирдлага, “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд “Дархан нэхий” ХК-ийн үйлдвэрээр зочлон зээлийн зориулалтын төлөвлөгөөтэй танилцлаа.

ХААН Банкны корпорэйт харилцагч “Дархан нэхий” ХК нь 1972 онд анх байгуулагдсан манай улсын ууган үйлдвэрүүдийн нэг төдийгүй Дархан-Уул аймгийн “нэрийн хуудас” болсон компани билээ. Групп нь үйлдвэрлэлийн 4, үйлчилгээний 4 нийт 8 охин компанитай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын стандарт шаардлагад нийцсэн ноос ноолууран бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлж, цаашид өөрийн үйлдвэрийн үндсэн түүхий эд, материалыг ашиглан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ханган нийлүүлэгч болох зорилго тавин ажиллаж байна.

“Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарах юм.